ОРОЙН ГАНЦ МОДНЫ ТУНГАЛАГ НАВЧНЫ БЭРХ СУДАЛ

Манай үүдэн дээр орчлонгийн ганц мод байгаа. Би түүнийг сахин хамгаалдаг. Түүний навчин дээр чиний асуух гэж байгаагаас эхлээд чиний асууж мэдэхгүй тэр бүх зүйл бичээтэй байдаг юм. Даанч тэр навч усны дусал мэт тунгалаг болохоор хувь заяаны зурлага үүсгэж буй навчин судлыг олж харахад бэрх ээ. Гэхдээ чи ч бас тэр зурлагыг бүтээлцэж яваа гэдгээ битгий мартаарай. Чиний сайн үйл, сайхан үг зөв зурлага гаргаж, тэр зурлага аль нэгтээ зам харгуй болон чамайг хүлээж байдаг.

Зарим хүнд зохиолын санаа байгаад авьяас, ур чадвар дутдаг бол заримд нь авьяас, ур чадвар байгаад санаа дутдаг. Дашийн Оюунчимэгт аль аль нь дутсангүй. Энэ романаа бичихийн тулд тэр таван жил судалгаа хийж, бичихдээ гурван сар зарцуулсан бол уран зохиолын энэ төрлийг ойлгохын тулд уншсанаасаа дээжлэн Милорад Павичийн Салхины дотоод тал, Исаак Зингэрийн Шоша, Ричард Бахын Хуурмаг үзэгдлүүд, Виктор Ерофеевын Москва-Петушки романуудыг эх хэл рүүгээ орчуулжээ. Дээр нь Лүйс Борхесын Зүүдний ном”, Хулио Кортасарын Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүврүүд нэмэгдэнэ. Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис, Эрдэнэсийн сан цувралаар эрхлэн гаргасан 150 орчим номыг нь энд дурдахаа больё. Гол нь өөрийгөө олж, уран зохиолыг таньсан байна, тэр!

Хүчирхэг, эрдүү дүрслэл, эмзэг, торгон мэдрэмж, утгын эрчит хуйлрал бүхий шүлгүүдтэй Очирт уулын бичиглэл түүврийг нь анх уншаад хүүрнэл зохиол бичээд үзээсэй гэж хүссэн ч бас хүлээлтэд хүрэхгүй бол дэмий гэсэн бодлын маань хариу 2006 онд бичигдэж, 2015 онд Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монголын өгүүллэг туужийн дээж” зургаан ботийн сүүлийнхэд багтсан Тэнгэрийн цаг болоогүй” тууж уншигчдад орчуулагч, яруу найрагч хэмээн танигдсан эзэндээ зохиолч гэх алдрыг хүртээсэн. Шидэт реализмын өнгө аястай энэ тууж яруу найргийн гэмээр хэл, домгийн гэмээр өгүүлэмжээрээ Монголын уран зохиолд сэвшээ үүсгэсэн бол Оройн ганц мод роман сэрхрээ орууллаа. 

Эхлэл хэсэгтээ гурван өөр цагт өрнөх өгүүлэмжийн гурван өөр шугам жирэм мэт сүлжилдсээр эцэстээ нэг болж төгсөх романы ихэнхийг Алтайн Урианхай зон олны үүх түүх, үлгэр домгууд бүрдүүлнэ. Энэ бол зохиолчийн өнөөх таван жилийн хугацаанд судалж, цуглуулсан баримтууд бөгөөд тэднийг ашиглах хамгийн боломжит хувилбар жин тээх гэж үзжээ. Үнэхээр ч жингийн уртад л үүх түүх, үлгэр домгууд хэлэлцэгдэж, үүсэж төрдөг. Жин тээх гэдэг нүүдэлчдийн дахин давтагдашгүй соёл, хүн малын чанар шалгадаг бэрх хэцүү үйл ажгуу.

Өгүүлэмжийн нэгдүгээр шугам (ойлгомжтой болгох үүднээс өгүүлэмжүүдийг дугаарласан болохыг анхаарна уу. Бичхорьдугаар зууны эхээр Өрөмч хот ороод буцаж буй, Борхоор удирдуулсан, Алтайн Урианхайн баруун гарын Дархан бэйсийн хошууны дал гаруй тэмээн хөсөгтэй хэсэг жинчнийг даган хөвөрнө. Жингийн даамлыг зохиолын өгүүлэгчийн дуу хоолой эхнээсээ Борх ах хэмээн хүндэтгэж буй нь өгүүлэгчийн насны тухай эрхгүй бодоход хүргэнэ. Жинд даамал чухал үүрэгтэй ч жингийн дараа болж буй давхар биетэй Сийлэн, өвгөн лам Умбаа хоёр зохиолын өгүүлэмжүүдийг холбоход гол үүрэг гүйцэтгэнэ.

Харин өгүүлэмжийн хоёрдугаар шугамыг өнгөрсөн зууны наяад онд хилс хэргээр ял эдэлж буй, зураач Хуяг, түүнтэй үйлийн үр нэгтэй, мөн л хилсээр ял эдэлж буй, малчин Далантай хоёрын амьдрал бүрдүүлнэ. Нэг нь ялаа болох ёсгүй зүйл болсон мэтээр, нөгөө нь харин болох ёстой зүйл болж буй мэтээр хүлээж авна. Тэгвэл өгүүлэмжийн гуравдугаар шугам бидний үед амьдарч буй Ийяа бүсгүйтэй холбогдоно. Тэр Хуягийн охин болох нь зохиолын төгсгөлд тодорхой болох бөгөөд Далантай, Ийяа, Хуяг гурав ав адилхан нэг л зүүд үздэг аж. Шоронд байхдаа Хуягийн зүүдийг Далантай үзэж таниад хамт оргодог бол Ийяагийн зүүдний тэмдэглэлийг Далантай уншаад Тийм ээ, энд бидний аяллын тухай өгүүлжээ хэмээн батална. Тэд зүүдэндээ говийн худгийн дэргэд хүний аминд хүрч Ийяа Даанч яав даа, даанч яавНамайг та хоёртой зам бүү нийл гэж уг нь хэлсэн юм шүү дээДаанч яавЭэ чааваас!” хэмээн нүүрээ дарж хашгиран уйлна. Гэтэл яг энэ санамж үгийг Сийлэнд Умбаа лам хэлдэг. Тэрбээр Чээван баяныд уригдсан туульчийн хайлахыг сонсон Хүслэнгийн орноор шагайх Сийлэнд заяа төөргийг нь хэлж өгөхдөө ганц зүйлийг захихад, чи сайн санаж яваарай, тэднийг муу улс гэж байгаа юм биш, Баярт, Шийрав хоёртой хэзээ ч зам нийлж болохгүй шүү гэж анхааруулна. Торгууд баяныхаас хөдөлсөн жинчид замдаа хасаг дээрэмчидтэй тулгарч Умбаа барьцаанд үлддэг бол, Сийлэн нутгийнхаа захад нярайлж, улмаар зам таарсан Жаалхан хутагт-ын хөсгийг даган оддог. Хэдий Сийлэн, Баярт, Шийрэв гурав Умбаа ламын хэлсэнчлэн зам нийлээгүй ч хойд насандаа зүүдний ертөнцөд зам нийлж дээрх хэргийг үйлдэж байна. Ийяа бүсгүй ухамсаргүйгээр Жаргалантын өртөөг зорьж, төрсөн эцгийндээ сонголтгүйгээр очиж, Далантайг авга ах хэмээн худал хэлж, эцэстээ уулзаж учраа мэдэлцэж буй нь тэдний барилдсан үйл юм.

Зохиолч номынхоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монголын түүхийн хариулах ёстой асуултууд бий. Тийм учраас түүхэн зохиолууд бичигдэх учиртай гэснээс үзвэл өгүүлэмжийн нэгдүгээр шугамаа онцолж буй нь мэдэгдэнэ. Гэвч энэ шугамаас түүний ухамсартай хийсэн алхмуудын ул мөр цөөнгүй харагдана. Аман зохиол судлаач, түүхч, угсаатны зүйчдийн арааны шүлс асгарам үүх түүх, үлгэр домгуудыг дүрүүдтэй холбож, үйл явдалд шингээхдээ зарим газар тунг нь үл ялиг хэтрүүлсэн нь анзаарагдана. Хэдий тийм ч эх сурвалж, баримтуудынхаа боол бололгүй зүйдлүүдийг үл мэдэгдэм болтол нь өнгөлж, зүлгэж нэгэн цул болгосон зохиолчийн ур чадвар, ухаан билгийг үнэлэх ёстой. Энэ шугамаас Жаалхан хутагт-ыг хөсгийг замчлан одсон хар хувцастай бүсгүйн дүр түүнийг дараагийн бүтээлд хөтлөх нь дамжиггүй.

Харин өгүүлэмжийн хоёр, гуравдугаар шугам зохиолын ерөнхий төгсгөлийг эс тооцвол цэвэр ухамсрын урсгалаар бичигджээ. Далантайн дүрийн төрж өссөн орчин, үзэж туулж буй бүхэн хахь өөр ч Тэнгэрийн цаг болоогүй туужийн Борзооны дүрийн улбарил шинжтэй. Түүний амьдралд өмнөх төрөл нь болох Шийрав ламын үгийн алдас дам нөлөөлнө. Далантайн ертөнц жигтэй, сонин бүхнээр дүүрэн ч түүний ертөнцөд хөл тавьсан хэнд ч эргэлзэж хачирхам үл санагдана. Шоронд байх, наранд байх түүнийхээр ялгаагүй бөгөөд эгэл зүйлсийн нууцад нэвтэрч, дохио тэмдгүүдийг хүлээн авч, тайлан дагаснаар оюун санааны хувьд чөлөөлөгджээ. Уул хөвчид бүгсэн тэрбээр нэг удаа айлд очсон нь уншигчдыг оньсого тааврын мананд дунд үлдээнэ. Учир нь Далантай анх удаа оюун санааны адил түвшинд очсон сохор эмгэнтэй уулзана. Түүнд эмгэн мэргэн аалзыг бодогдуулах бол уншигчдад Сийлэнг эрхгүй сануулна. Гэвч зохиолч хэн хэнд нь учиг, сэжиг өгсөнгүй. Магадгүй тэр анзаараагүй, анзаарсан ч гар хүрсэнгүй. Үүнийх нь төлөө түүнд талархъя.

Далантайн дүрийн эсрэг дүр Хуяг. Хадмууддаа гүтгэгдэн хилс хэргээр шоронд орж, амраг хань, алгын чинээ охиноосоо хагацсан зураач залуу үйлийн үр нэгт Далантайтай оргоод дөрвөн ханатай шоронгоо дэлхий гэх шоронгоор сольсноо хожуу ухаарна. Угтаа түүний амьдрал бүхэлдээ шорон юм. Наранд байхдаа төрүүлсэн эхээсээ хүртэл ичиж, уулзах гээд ирэхэд нь гуйлгачин байна гэж түлхэж буй бол оргож босоод өш хонзондоо багтарсаар, багтраа нь бүтээлээр нь гарахдаа хүмүүсийн хувь тавиланг өөрчилнө. Тэр үүнийгээ мөн л хожуу ойлгоно. Авьяас гэдэг дээдийн бэлэг мөн боловч түүнийг зөв зүйлд зарцуулахгүй бол хутга мэснээс ч илүү аюултай байж болох юм. Тэнгэрлэг мөн чанар агуулдгийнхаа хувьд урлагийн бүтээл аймшигт их хүчийг эрхшээж бий болдог гээд охиныхоо Би таны зурсан зургийг үзэх сэн гэж маш их хүссэн гэх үгийн хариуд Хэрэггүй дээ, охин минь, түүн шиг хэрэггүй юм байхгүй. Тэдгээрийг нэн даруй устгах хэрэгтэй шүү. Нэгийг нь ч авч үлдэлгүй устгана гэж амлаач хэмээн хүсэх, зохиолч Франц Кафкаг санагдуулам зураач Хуягийн гэрээслэл гучин жилийн дараа түүнтэй уулзаж буй уншигчдад оюун санаа нь хэр өөрчлөгдсөнийг харуулах биз ээ. Галд шатсан бүтээлүүдийнх нь үнс нурам газрын гав руу орсон бол Ийяагийн авч үлдсэн хоёр зургийн хамт хараал шүглэсэн өтөлшгүй сайхан Төмөрөөгийн тавилан зохиолчийн гарт үлдлээ. Мөн түүнд гар бичмэлийг нь уншаад илгээсэн мөхөс бичээчийн хэдэн санал бий. Тусгаж авах эсэхийг эл романых нь чамгүй удаж байж гарах ёстой дараагийн хэвлэлтээс харах л үлдлээ.  

Үүлэн дээр орд өргөөгөө барьсан Шонхор шувуу гэж байдаг юм гэнэ лээ. Орд өргөөнийх нь үүдэнд усан дусал мэт тунгалаг навчтай оройн ганц мод ургаж байдаг юм гэсэн. Хүний хувь заяаг бурхан зурдаг гэж эндүү ташуу бодоцгоодог. Хэн нэгний хааш явах, юу хийхийг зааж заавардаж суудаг тийм их завтай бурхан гэж хаа байх вэ дээ. Хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрөө өөрийнхөө зам мөрийг тодорхойлж, учир жанцанг нь мэдвэл хувь заяандаа өөрчлөлт оруулж чадах тийм өндөр буян заяатай амьтан юм шүү дээ. Ертөнцийн амьдралын учир зурлага тэр тунгалаг навчны судал хээнд байдаг юм гэнэ лээ шүү, дарь эх минь. Түүнийг тайлж уншсан хүн хорвоогийн хамаг явдлыг мэдэж авдаг юм байх.

МУИС-ийн хичээлийн II байрны 325 тоот
2016.02.22

ЖичЗохиолын үйл явдлын хамрах хүрээ хэдий бага ч өрнөн буй цаг үеүдийнхээ том төлөөлөл болж чаджээ. Өнөөдөр л гэхэд Хуягийн үеийнхэн буцаж буй ч гэрээслэл нь алга, буурь нь ч цэвэрлэгдсэнгүй. Тэдний буурин дээр Цогт шиг шарилж үй олноороо ургаж байх шив дээ.
  • 3/31/2017

ЖАРГАЛЫН ХҮҮ

Жаргалын хүү (Хөвсгөлийнхөн Жаргалант сумыг ингэж ярьдаг) Д.Нямдорж 6-р ангидаа манай сургуульд шилжин ирсэн юм. Тэр 7-р ангидаа улсын Хүрэл тулга-ын түрүү авч, 9-р ангидаа улсын Болор цом-ын Залуу найрагч-ийн шагнал хүртэж Хөвсгөл аймгийнхаа шилдэг сурагч болоод, сая манай сургуулийн Алдар болсон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа багшийн минь ханийн мутраас МУИС-ийн Монгол Хэл, Соёлын Сургуульд шалгалтгүйгээр элсэн орох урилга гардаж авлаа. Хүү хоёр гардаж тосоод, дээр өргөж, зулайдаа хүргэж адис авч байна. Зөв дөө! Мөрөнгийн 10 жил миний хүүд мөн ч өлзийгөө хайрлаж байна даа.

Үүгээр ч тогтохгүй аймаг болон улсын Хүрэл тулга, улсын Болор цом-ын дэвжээнд зохиолч Далантайн Сүрэнжав, Данигайн Давааням, нэрт шүүмжлэгч, судлаач Чойжилжавын Билигсайхан тэргүүтэнтэй учран золгож түмэн ачтануудаа түшин багш шавийн барилдлага тогтоох болсон нь мөн л Дэлгэрмөрөн сургууль ээжийн нь цаглашгүй буян байлаа.

Би Д.Нямдоржийн насан дээр сургуулийнхаа Зохиолч нэртэй явлаа. Эдүгээ нэрт төвдөч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хүрэлбаатар нарын сайчуудыг даган хөөрцөглөж явсан нь тэр. Одоо ч тэр Алдар-таан хүрч чадаагүй л явна. Тэгсэн Д.Нямдорж хүү Болор цом-ын дэвжээнд Тангадын Галсан тэргүүтний өмнө хэнэггүй шүлгээ уншаад, сүлд найрагчидтай зэрэгцэн сууж байлаа. Дотроо баярлалгүй яахав дээ. Одоо Ч.Билигсайхан, Хотгойдын найрагч, мөн доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж хоёр дээр очих боллоо. Дэргэд нь бас нэрт хэл шинжлэгч, доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа хүлээгээд сууж байна. Ийм лут эрдэмтэй хүүхдүүд төрүүлсэн сургуульд багтсан Нямдорж хүү үлэмж хувьтай ажээ.

Зөвхөн Монгол хэл, уран зохиолын суутнууд нь энэ шүү дээ. Саяхан Нямдорж Шүлгийн номоо бэлтгэв. Та одоо үг бичиж өгнө үү гэж гэнэт намайг сандаргав. Юу боловч ерөөмөөр л санагдав. Санаанд юм ордоггүй. Харин ашгүй шүлгийн дугуйлангийнхаа бүтээл, бяцхан номыг түүнд бэлэглэхдээ бичиж өгсөн минь санаанд орж байна.

Жамд шигээ хүнд элэгтэй
Давааням шигээ хүүхдэд ээлтэй
Сайхан зохиолч болоорой
Жаргалын хүү минь
Сайн хүн болоорой
Жаахан шавь минь.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Жамцын Бадраагийн нэрэмжит
улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн
Монгол хэл, уран зохиолын багш
ДЭМБЭРЭЛИЙН ЧУЛУУНБААТАР

Мөрөн хот
2005.12.14
  • 3/25/2017