ЖАРГАЛЫН ХҮҮ

3/25/2017

Жаргалын хүү (Хөвсгөлийнхөн Жаргалант сумыг ингэж ярьдаг) Д.Нямдорж 6-р ангидаа манай сургуульд шилжин ирсэн юм. Тэр 7-р ангидаа улсын Хүрэл тулга-ын түрүү авч, 9-р ангидаа улсын Болор цом-ын Залуу найрагч-ийн шагнал хүртэж Хөвсгөл аймгийнхаа шилдэг сурагч болоод, сая манай сургуулийн Алдар болсон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа багшийн минь ханийн мутраас МУИС-ийн Монгол Хэл, Соёлын Сургуульд шалгалтгүйгээр элсэн орох урилга гардаж авлаа. Хүү хоёр гардаж тосоод, дээр өргөж, зулайдаа хүргэж адис авч байна. Зөв дөө! Мөрөнгийн 10 жил миний хүүд мөн ч өлзийгөө хайрлаж байна даа.

Үүгээр ч тогтохгүй аймаг болон улсын Хүрэл тулга, улсын Болор цом-ын дэвжээнд зохиолч Далантайн Сүрэнжав, Данигайн Давааням, нэрт шүүмжлэгч, судлаач Чойжилжавын Билигсайхан тэргүүтэнтэй учран золгож түмэн ачтануудаа түшин багш шавийн барилдлага тогтоох болсон нь мөн л Дэлгэрмөрөн сургууль ээжийн нь цаглашгүй буян байлаа.

Би Д.Нямдоржийн насан дээр сургуулийнхаа Зохиолч нэртэй явлаа. Эдүгээ нэрт төвдөч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хүрэлбаатар нарын сайчуудыг даган хөөрцөглөж явсан нь тэр. Одоо ч тэр Алдар-таан хүрч чадаагүй л явна. Тэгсэн Д.Нямдорж хүү Болор цом-ын дэвжээнд Тангадын Галсан тэргүүтний өмнө хэнэггүй шүлгээ уншаад, сүлд найрагчидтай зэрэгцэн сууж байлаа. Дотроо баярлалгүй яахав дээ. Одоо Ч.Билигсайхан, Хотгойдын найрагч, мөн доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж хоёр дээр очих боллоо. Дэргэд нь бас нэрт хэл шинжлэгч, доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа хүлээгээд сууж байна. Ийм лут эрдэмтэй хүүхдүүд төрүүлсэн сургуульд багтсан Нямдорж хүү үлэмж хувьтай ажээ.

Зөвхөн Монгол хэл, уран зохиолын суутнууд нь энэ шүү дээ. Саяхан Нямдорж Шүлгийн номоо бэлтгэв. Та одоо үг бичиж өгнө үү гэж гэнэт намайг сандаргав. Юу боловч ерөөмөөр л санагдав. Санаанд юм ордоггүй. Харин ашгүй шүлгийн дугуйлангийнхаа бүтээл, бяцхан номыг түүнд бэлэглэхдээ бичиж өгсөн минь санаанд орж байна.

Жамд шигээ хүнд элэгтэй
Давааням шигээ хүүхдэд ээлтэй
Сайхан зохиолч болоорой
Жаргалын хүү минь
Сайн хүн болоорой
Жаахан шавь минь.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Жамцын Бадраагийн нэрэмжит
улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн
Монгол хэл, уран зохиолын багш
ДЭМБЭРЭЛИЙН ЧУЛУУНБААТАР

Мөрөн хот
2005.12.14

0 comments